Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 32:19-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэрээр бас хоёр дахь, гурав дахь хэсэг болон бусад хэсэг тус бүрийг тууж яваа хүмүүст хандаж,—Та нар ч бас Есавтай уулзахдаа энэ үгийг хэлээрэй.

20. Та нар бас “Таны зарц Иаков бидний ард ирж байгаа” гэж хэлээрэй гэв. Иаков—Би өөрийнхөө түрүүнд явуулж байгаа бэлгээрээ түүнийг тайтгаруулаад, дараа нь би өөрөө түүнтэй уулзвал ах минь намайг хүлээн авч магадгүй гэж боджээ.

21. Тэгээд Иаков бэлгээ өөрөөсөө түрүүлж явуулаад, өөрөө тэр шөнө хуарандаа хонов.

22. Тэр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок голын гарцаар гарчээ.

23. Иаков тэднийг дагуулан гол гаргаад, дараа нь өөрт нь байсан болгоноо гаргажээ.

24. Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав.

25. Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд, гуя уруу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ.

26. Тэр хүн—Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков—Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ.

27. Тэгээд тэр хүн—Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр—Иаков гэж хэлжээ.

28. Тэр хүн—Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан билээ гэв.

29. Иаков—Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн—Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ.

30. Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд,—Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн гэв.

31. Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарч, тэрээр түнхнээсээ болж доголон явжээ.

32. Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж, Израильчууд өдий хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 32