Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 32:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иаковыг аян замдаа явж байтал, Бурханы тэнгэр элч нар түүнтэй уулзав.

2. Иаков тэднийг хармагцаа—Энэ бол Бурханы цэргийн хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.

3. Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд,

4. тэдэнд тушааж—Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.

5. Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв.

6. Элч нар Иаковт буцаж ирээд,—Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.

7. Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр хэсэг болгон хуваав.

8. Тэгээд Иаков—Хэрэв Есав ирээд, нэг хэсэг уруу нь дайрвал үлдсэн хэсэг нь зугтах болно гэжээ.

9. Иаков—Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад “Чи төрсөн нутаг, төрөл төрөгсөд уруугаа буц, Би чамайг ерөөх болно” гэж надад хэлсэн.

10. Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон.

11. Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.

12. Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн биз дээ гэв.

13. Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, ах Есавдаа зориулан эд хөрөнгөөсөө бэлэг сонгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 32