Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 31:35-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. Рахел эцэгтээ хандаж—Эзэн минь, миний сарын тэмдэг ирсэн тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн бурхдаа эрсэн боловч олсонгүй.

36. Иаков уурлаж, Лабаныг зэмлэжээ. Иаков Лабанд хандан—Би ямар буруу юм хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ?

37. Та хамаг юмыг минь нэгжээд, гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг.

38. Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн эр хониноос би идээгүй.

39. Би араатанд уруулсныг нь танд авчраагүй. Би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан.

40. Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ.

41. Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.

42. Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.

43. Лабан Иаковт хандаж—Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ?

44. Одоо нааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв.

45. Иаков нэг чулуу аваад, багана болгон босгожээ.

46. Тэрээр ах дүү нартаа хандаж—Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж, овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ.

47. Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ.

48. Лабан—Энэ овоо бол өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед хэмээн нэрлэдэг байжээ.

49. Бас Мизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ.—

50. Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцах, эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун! Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.

51. Лабан дахин Иаковт хандаж,—Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар.

52. Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй.

53. Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.

54. Иаков бас уулан дээр тахил өргөөд, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 31