Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 31:29-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад “Болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл” гэсэн.

30. Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир, одоо чи явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв.

31. Иаков Лабанд—“Таныг охидоо надаас булаан авч магадгүй” гэж бодсон учир би айсан юм.

32. Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал, та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байжээ.

33. Лабан Иаковын майхан, Леагийн майхан, бас хоёр шивэгчний майханд орсон боловч бурхдаа олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ.

34. Рахел тэрхүү гэрийн бурхдыг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй.

35. Рахел эцэгтээ хандаж—Эзэн минь, миний сарын тэмдэг ирсэн тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн бурхдаа эрсэн боловч олсонгүй.

36. Иаков уурлаж, Лабаныг зэмлэжээ. Иаков Лабанд хандан—Би ямар буруу юм хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ?

37. Та хамаг юмыг минь нэгжээд, гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг.

38. Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн эр хониноос би идээгүй.

39. Би араатанд уруулсныг нь танд авчраагүй. Би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан.

40. Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ.

41. Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.

42. Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.

43. Лабан Иаковт хандаж—Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ?

44. Одоо нааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 31