Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 31:15-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэр биднийг гаднын хүмүүс гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн.

16. Бурханы эцгээс маань авсан бүх хөрөнгө бол биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.

17. Иаков босож, хүүхдүүд, эхнэрүүдээ тэмээ унуулж,

18. өөрийн олсон бүх мал адгуус болон хөрөнгөө буюу Паддан-арамаас олсон бүх мал сүргээ туугаад, Канаан нутаг уруугаа, эцэг Исаак уруугаа очихоор хөдлөв.

19. Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ.

20. Иаков сири хүн Лабанд оргон явахаа хэлэлгүй, түүнийг мэхэлжээ.

21. Тэрээр хамаг хөрөнгөө аваад Евфрат мөрнийг гатлан зугтааж, Гилеадын уулархаг нутгийг зорив.

22. Түүнээс хойш гурав хоногийн дараа Иаковын зугтасныг Лабан дуулаад,

23. ах дүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ.

24. Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд—Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.

25. Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов.

26. Лабан Иаковт хандаж—Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яван юу хийчих нь энэ вэ?

27. Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх.

28. Чи ач, зээ охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ.

29. Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад “Болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл” гэсэн.

30. Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир, одоо чи явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв.

31. Иаков Лабанд—“Таныг охидоо надаас булаан авч магадгүй” гэж бодсон учир би айсан юм.

32. Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал, та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байжээ.

33. Лабан Иаковын майхан, Леагийн майхан, бас хоёр шивэгчний майханд орсон боловч бурхдаа олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ.

34. Рахел тэрхүү гэрийн бурхдыг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 31