Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 30:26-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Миний танд зарцлагдаж байгаад авсан эхнэр, хүүхдүүдийг минь надад өгч, намайг явуулаач! Миний танд хэрхэн зарцлагдсаныг та мэднэ шүү дээ гэв.

27. Лабан түүнд—Би чамд таалагдаж байвал чи эндээ үлд! ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн гээд—

28. Чи ажлын хөлсөө тогт. Би түүнийг чинь өгье гэж хэлэв.

29. Иаков түүнд—Би танд хэрхэн зарцлагдсаныг, бас хэрхэн таны мал сүргийг маллаж байсныг, ямар болгосныг та мэднэ шүү дээ.

30. Намайг ирэхийн өмнө таны эд хөрөнгө бага байсан, одоо үлэмж өсөн нэмэгдлээ. Миний байсан газар болгонд ЭЗЭН таныг ерөөсөн. Би одоо хэзээ өөрийнхөө гэр орны төлөө ажиллах юм бэ? гэв.

31. Лабан—Би чамд юу өгөх вэ? гэсэнд Иаков—Надад юу ч бүү өг! Хэрэв миний төлөө энэ зүйлийг хийвэл, би таны мал сүргийг дахин хариулж хамгаалъя гэжээ.—

32. Өнөөдөр би таны хонин сүргийн дундуур явж алаг, цоохор, хар хоньд бас алаг, цоохор ямаануудыг ялган авна. Тэдгээр нь миний хөлс болно.

33. Дараа нь та хөлсний талаар намайг шалгах гэж ирэхэд, миний үнэнч шударга байдал намайг гэрчилж батлах болно. Ямаан сүргийн дунд алаг болон цоохор биш ямаа, хонин сүргийн дунд хар биш хонь байвал бүгдийг нь намайг хулгайлсанд тооцоорой гэсэнд

34. Лабан—За, чиний хэлсэн ёсоор болъё! гэв.

35. Лабан тэр өдрөө алаг, цоохор эр ямаа, мөн хар алаг, хар цоохор эм ямаа, хар хоньдыг ялган, хүүгийнхээ гарт өгчээ.

36. Тэрээр Иаковыг өөрөөсөө гурав хоногийн зайтай газар суулгаж, Иаков Лабаны үлдсэн хонин сүргийг хариулсаар байлаа.

37. Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ.

38. Тэрээр хальсыг нь хуулсан мөчрүүдээ хонио усалдаг онгоцнуудынхаа дэргэд босгож, ус уухаар ирсэн хонины эгц өмнө нь байхаар тохируулжээ. Хоньд ус уухдаа хээл авч,

39. мөчрийн өмнө хээл авсан тэдгээр хоньд алаг, цоохор хурга гаргажээ.

40. Иаков хургануудыг ялгаж, Лабаны хонин сүргээс алаг, хар зүсмийн хоньдыг Лабаны сүргийн эсрэг талд нь гаргав. Өөрийнхөө сүргийг тусгаарлаж, Лабаны сүрэгтэй холилдуулсангүй.

41. Тарга хүчтэй хоньд хээл авах үед Иаков тэдний өмнөх онгоцонд нөгөө мөчрөө тавьж, тэдгээр хоньд мөчрийн дэргэдээс хээлтжээ.

42. Харин хоньд тарга хүчгүй байвал нөгөө мөчрөө тавьсангүй. Ингээд тарга хүчгүй хонь нь Лабаных болж, тарга хүчтэй хонь нь Иаковынх болжээ.

43. Ингэж тэр хүн үлэмж баяжиж, олон хонин сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ, илжигтэй болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 30