Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 29:10-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Иаков нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, нагац ах Лабаны хонин сүргийг услав.

11. Тэгээд Иаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан,

12. Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү гэдгээ хэлсэнд тэрээр гүйн явж, эцэгтээ хэлэв.

13. Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн, үнсээд, гэртээ дагуулан оров. Иаков өөрийнхөө тухай бүгдийг Лабанд ярьж өгчээ.

14. Лабан түүнд—Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.

15. Лабан Иаковт—Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв.

16. Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой.

17. Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ.

18. Иаков Рахелд дурласан тул—Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд

19. Лабан—Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ.

20. Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.

21. Иаков Лабанд—Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ.

22. Лабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв.

23. Үдэш нь Лабан охин Леагаа Иаковт авчирсанд, Иаков түүн дээр оржээ.

24. Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ.

25. Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд—Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд

26. Лабан—Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй.

27. Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ.

28. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 29