Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 21:9-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад,

10. Абрахамд хандаж—Энэ зарц бүсгүй, түүний хүү хоёрыг зайлуул. Энэ зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ.

11. Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов.

12. Бурхан Абрахамд—Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно.

13. Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр учир Би түүгээр нэгэн үндэстэн бий болгоно гэв.

14. Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав.

15. Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод

16. “Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад, дуугаа өндөрсгөн уйлав.

17. Бурхан хүүгийн уйлахыг сонсоод, Бурханы тэнгэр элч тэнгэрээс Хагарыг дуудаж—Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.

18. Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүгээр том үндэстэн бий болгож өгье гэв.

19. Бурхан Хагарын нүдийг нээсэнд, тэр усны ундарга олж хараад, очиж тулмаа усаар дүүргэн, хөвгүүндээ уулгалаа.

20. Бурхан тэр хөвгүүнтэй хамт байж, хөвгүүн өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов.

21. Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.

22. Тэр үед Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамд—Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байна.

23. Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ Бурханы нэрийг барьж энд надад одоо тангарагла. Миний чамд сайнаар хандсан шиг чи бас надад болон өөрийнхөө сууж байгаа энэ газар нутагт хандагтун гэсэнд—

24. Би тангараглая гэж Абрахам хэлэв.

25. Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам Абимелехийг зэмлэсэнд

26. Абимелех—Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв.

27. Абрахам хонь, үхэр авч, Абимелехт өгөөд, тэр хоёр хоорондоо гэрээ байгуулжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 21