Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 19:20-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Та хараач, тэр хот уруу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би аврагдаж магад гэв.

21. Тэрээр түүнд өгүүлрүүн—За, би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй.

22. Би чамайг тэнд очтол юу ч хийж болохгүй тул тийшээ түргэн зугт гэв. Тийм учраас тэр хотыг Зоар (жижиг) гэж нэрлэжээ.

23. Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байжээ.

24. ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.

25. Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ.

26. Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.

27. Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газар уруугаа очив.

28. Тэрээр Содом, Гоморра болон бүх хөндий тал уруу өнгийн хараад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байхыг үзэв.

29. Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас зайлуулжээ.

30. Лот Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов.

31. Нэгэн өдөр том охин нь дүү охиндоо өгүүлрүүн—Аав маань өвгөрлөө. Энэ газарт ертөнцийн жам ёсоор бидэнтэй унтах хүн байхгүй байна.

32. Бид аавдаа архи уулгаад, түүнтэй унтаж, эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.

33. Тэгээд тэд тэр шөнөдөө эцэгтээ архи уулгаж, том охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.

34. Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ өгүүлрүүн—Өнгөрсөн шөнө би эцэгтэйгээ унтсан, өнөө шөнө бид түүнд архи уулгаж, чи түүнтэй унтаж, бид эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.

35. Тэгээд тэд тэр шөнө эцэгтээ бас архи уулгаж, бага охин нь босож очоод, эцэгтэйгээ унтжээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.

36. Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 19