Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 18:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад,

2. хараагаа өргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж,—

3. Эзэн минь ээ! Хэрэв би таны таалалд нийцсэн бол, өчүүхэн зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй хэмээн би гуйж байна.

4. Жаахан ус авчруулж, та нар хөлөө угааж, энэ модны доор амарна уу?

5. Би жаахан талх авчиръя, тэгээд та нар түр амсхийгээд тэнхээ орж, аян замдаа гараарай. Та нар зарцынхаараа дайрч ирсэн учир ийм болой гэв. Тэд—Чиний хэлсэн ёсоор болог гэв.

6. Абрахам гэртээ санд мэнд гүйж ороод, Сарад—Түргэлээрэй! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд

7. Абрахам хот уруугаа гүйн очоод, нэгэн тарган сайн бяруу барьж авчраад, зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав.

8. Абрахам ээдэм, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур, өөрөө модны дор зогсож байв.

9. Тэд Абрахамаас—Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд—Майхандаа байгаа гэж хариулав.

10. Тэр—Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ.

11. Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 18