Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 11:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай байлаа.

2. Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олж, тэндээ нутагшин суурьшжээ.

3. Тэд бие биедээ—Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ.

4. Тэгээд тэд—За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.

5. ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ.

6. ЭЗЭН айлдсан нь—Эдгээр хүмүүс нэг үндэстэн, бас нэг хэлтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хойшид тэдний хийхээр төлөвлөсөн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно.

7. Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ.

8. Тэгээд ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ.

9. ЭЗЭН тэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан учир түүнийг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.

10. Шемийн үр удам ийм болой. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ.

11. Тэрээр Арпахшадыг төрүүлснээс хойш таван зуу насалж, үр хүүхдүүдтэй болов.

12. Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлжээ.

13. Тэрээр Шелаг төрүүлснээсээ хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

14. Шела гучин настайдаа Еберийг төрүүлэв.

15. Тэрээр Еберийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гурав насалж, мөн л үр хүүхдүүдтэй болжээ.

16. Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 11