Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 9:17-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.

18. Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна.

19. Одоо тийм учраас хүн илгээж, өөрийн мал сүрэг ба хээр байгаа бүх юмсаа аюулгүй газар аваач. Хээр үлдэж, гэрт хариагүй бүх хүн, мал мөндөр буухад үхнэ»” гэж хэл хэмээн айлдав.

20. Фараоны зарц нарын зарим нь ЭЗЭНий үгээс айж, өөрсдийн боол, малыг гэртээ бөөгнүүлэв.

21. Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь өөрсдийн боол, малыг хээр орхив.

22. ЭЗЭН Мосед—Тэнгэр өөд гараа сунгаж, Египетийн бүх газарт Египетийн бүх нутаг даяар хүн, мал, тариалангийн талбайд ургасан бүхэн дээр мөндөр оруул гэж айлдав.

23. Мосе таягаа тэнгэр өөд сунгахад, ЭЗЭН аянга, мөндрийг илгээсэн ба газарт гал цацрав. ЭЗЭН Египетийн нутагт мөндөр орууллаа.

24. Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд үргэлжлүүлэн гал цахилж байлаа.

25. Египетийн нутаг даяар хээр байсан хүн, малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив.

26. Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.

27. Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд—Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ.

28. ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв.

29. Мосе түүнд—Би хотоос гармагцаа гараа ЭЗЭН уруу сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 9