Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 8:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Илбэчид Фараонд—Энэ бол Бурханы хуруу гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.

20. ЭЗЭН Мосед—Өглөө эрт босож, Фараоныг усанд ирэхэд нь түүний өмнө очоод түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.

21. Хэрвээ чи Миний ард түмнийг явуулахгүй бол Би чамд болон чиний зарц нар, чиний ард түмэнд болон танай гэрүүд уруу бөөн ялааг явуулна. Египетчүүдийн гэрүүд, мөн тэдний амьдардаг газар нь бөөн ялаагаар дүүрнэ.

22. Харин тэр өдөр Би Өөрийн ард түмний байгаа Гошен газрыг тусгаарлан, тэнд ямар ч ялаан сүрэг байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутагт байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно.

23. Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ тэмдэг маргааш биелэх болно»” гэж хэл хэмээн айлдав.

24. ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон түүний зарц нарын гэр, Египетийн бүх газарт ирэв. Асар олон ялаанаас болж газар хоосров.

25. Фараон, Мосе Аарон нарыг дуудан—Явж, энэ газарт өөрсдийн Бурханд тахил өргө гэж хэлэв.

26. Мосе—Тэгж болохгүй. Бид египетчүүдийн жигшдэг юмсыг өөрсдийн Бурхан ЭЗЭНд өргөх болно. Хэрэв бид египетчүүдийн нүдэн дээр, тэдний жигшдэг юмсыг өргөвөл, тэд биднийг чулуугаар цохих биш үү?

27. Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, өөрсдийн Бурхан ЭЗЭНд Түүний тушаасанчлан тахил өргөх ёстой гэж хэлэв.

28. Фараон—Би та нарыг явуулна. Та нар цөлд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ тахил өргөөрэй. Харин та нар битгий их хол яваарай. Миний төлөө гуйгаач гэв.

29. Мосе—Үзэгтүн, би танайхаас гармагцаа ЭЗЭНээс гуйна. Тэгвэл маргааш бөөн ялаа Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлна. Харин Фараон ард түмнийг ЭЗЭНд тахил өргүүлэхээр явуулалгүй дахин бүү мэхлээрэй гэж хэлэв.

30. Мосе Фараоныхаас явж, ЭЗЭНээс гуйв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 8