Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 5:10-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Ингээд ард түмний ажлын дарга нар ба харгалзагчид гарч ирэн, ард түмэнд—Фараон ингэж хэллээ. “Би та нарт сүрэл өгөхгүй.

11. Та нар явж, олдох газраас нь өөрсдөдөө сүрэл түүцгээ. Харин та нарын ажлаас огтхон ч хасахгүй” гэв.

12. Ард түмэн сүрлийн оронд тарианы ёзоор түүхийн тулд Египетийн бүх нутгаар тархав.

13. Ажлын дарга нар тэднийг шавдуулж,—Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв.

14. Израилийн хөвгүүдийн харгалзагчид зодуулж—Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил тоогоор тоосго хийж гүйцэтгээгүй вэ? гэж асуугдав. Тэднийг Фараоны ажлын дарга нар томилсон ажээ.

15. Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж, Фараонд—Та яагаад өөрийнхөө боолуудад ингэж хандана вэ?

16. Таны боолуудад ямар ч сүрэл өгөхгүй атлаа “Тоосго хий” гэж тэд хэлж байна. Үзэгтүн, таны боолууд зодуулж байгаад таны ард түмэн буруутай гэж гомдол мэдүүлэв.

17. Харин тэр—Та нар залхуу, залхуу байна. Тиймээс та нар “Биднийг явуулаач. ЭЗЭНд тахил өргөе” гэцгээж байна.

18. Тиймээс одоо явж ажиллацгаа. Та нарт сүрэл өгөхгүй боловч та нар тогтоосон хэмжээгээр тоосго хийх ёстой гэж хэлэв.

19. “Та нар өдөр бүрийн тоосгыг огтхон ч хасах ёсгүй” гэснийг Израилийн хөвгүүдийн харгалзагчид сонсоод, өөрсдөд нь уй гашуу учирсныг мэдэв.

20. Тэд Фараоныхаас гарч ирээд, тэднийг хүлээн зогсож байсан Мосе, Аарон нартай тааралдав.

21. Тэд Мосе, Аарон нарт—Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.

22. Мосе ЭЗЭНд буцан ирж,—Өө, Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулсан бэ? Та юунд намайг явуулсан юм бэ?

23. Би Таны нэрээр ярихаар Фараон уруу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэр их гай тарив. Та Өөрийнхөө ард түмнийг огтхон ч аварсангүй гэж өгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 5