Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 38:5-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Мөн хүрэл торын дөрвөн буланд тэр дамнуургуудын тогтоогч болгон дөрвөн цагираг цутгажээ.

6. Тэрээр хуайс модоор дөрвөн дамнуургыг хийж тэдгээрийг хүрлээр бүрэв.

7. Тахилын ширээг зөөх дамнуургуудыг түүний хажуу талууд дахь цагиргуудад суулгав. Дамнуургыг дотор талдаа хөндий банзаар хийжээ.

8. Цаашлаад, тэр хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийв. Хурлын майхны үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн тольнуудаар түүнийг бүтээсэн билээ.

9. Тэгээд тэр хашааг босгожээ. Өмнө талд хашааны хөшигнүүд нь нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд нэг зуун тохой байв.

10. Хорин багана нь болон хорин углуур нь хүрлээр хийгдсэн ба багануудын дэгээнүүд болоод холбоосууд нь мөнгөн ажээ.

11. Хойд тал нь нэг зуун тохой байсан ба хорин багана, хорин углуур нь хүрэл бөгөөд баганы дэгээнүүд, холбоосууд нь мөнгөн аж.

12. Баруун талд нь арван багана болон тэдний арван углуургатай хамт тавин тохой хөшигнүүд хийв. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөөр бүтсэн байна.

13. Зүүн талд нь тавин тохойг хийв.

14. Хаалганы нэг талын хөшиг нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой байв.

15. Нөгөө талынх мөн үүний адил байв. Хашааны хаалганы хоёр тал тус бүрд нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой хөшиг байлаа.

16. Хашааны эргэн тойрон дахь бүх хөшгийг нарийн нэхсэн маалингаар хийжээ.

17. Багануудад зориулсан углуурууд нь хүрэл бөгөөд багануудын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна.

18. Хашааны хаалганы дэлгэц нь нэхмэлчдийн урлал бөгөөд хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байв. Хашааны хөшигнүүдийн адил түүний урт нь хорин тохой, өндөр нь таван тохой байв.

19. Дөрвөн багана болон дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ.

20. Асрын болон хашааны эргэн тойрон дахь бүх гадас нь хүрэл байв.

21. Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ.

22. Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь ЭЗЭНий Мосед тушаасан бүхнийг хийв.

23. Түүнтэй хамт сийлбэрчин, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн маалингын нэхмэлчин, уран хүн Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 38