Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 38:18-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Хашааны хаалганы дэлгэц нь нэхмэлчдийн урлал бөгөөд хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байв. Хашааны хөшигнүүдийн адил түүний урт нь хорин тохой, өндөр нь таван тохой байв.

19. Дөрвөн багана болон дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ.

20. Асрын болон хашааны эргэн тойрон дахь бүх гадас нь хүрэл байв.

21. Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ.

22. Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь ЭЗЭНий Мосед тушаасан бүхнийг хийв.

23. Түүнтэй хамт сийлбэрчин, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн маалингын нэхмэлчин, уран хүн Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв.

24. Энэхүү ажилд буюу ариун газрын бүх ажилд зарцуулагдсан бүх алт болон даллах өргөлийн алт нь ариун газрын шекелийн дагуу хорин есөн талант, долоон зуун гучин шекел байв.

25. Цуглаанаас тоологдсон хүмүүсийн мөнгө нь ариун газрын шекелийн дагуу зуун талант, мянга долоон зуун далан таван шекел байв.

26. Хорь болон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавин эрчүүдийн төлөө буюу тоологдсон хүний тоонд орсон хүн нэг бүрээс нэг бекаг (энэ нь ариун газрын шекелийн дагуу хагас шекел юм) авав.

27. Зуун талант мөнгө нь ариун газрын болон хөшигний углууруудыг цутгахад зориулагдсан бөгөөд нэг зуун талант нь нэг зуун углууранд буюу нэг талант нь нэг углууранд зарцуулагджээ.

28. Тэрээр нэг мянга долоон зуун далан таван шекелээр багануудын дэгээнүүдийг хийж, оройнуудыг нь бүрж, тэдэнд холбоос хийв.

29. Даллах өргөлийн хүрэл нь далан талант, хоёр мянга дөрвөн зуун шекел байв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 38