Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 34:18-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоон өдрийн турш исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.

19. Хэвлий бүрийн ууган үр ба үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх.

20. Илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрвээ золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган үр бүгдийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.

21. Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар.

22. Долоо Хоногуудын Баяр буюу улаан буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг тэмдэглэ.

23. Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.

24. Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн уудам болгоно. Жилд гурван удаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй.

25. Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Дээгүүр Өнгөрөх Баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.

26. Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.

27. Дараа нь ЭЗЭН Мосед—Эдгээр үгсийг бичиж ав. Учир нь эдгээр үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв.

28. Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр тэр бичив.

29. (Мосег уулаас бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан түүний гарт байв.) Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе Синаи уулаас бууж ирж байхдаа мэдсэнгүй.

30. Тиймээс Аарон ба Израилийн бүх хөвгүүд Мосег харан, түүний нүүрний арьс гэрэлтсэнийг үзээд, түүнд ойртохоос айв.

31. Мосе тэднийг дуудсанд, Аарон болон цуглаан дахь бүх захирагчид түүн уруу ирж, Мосе тэдэнтэй ярилцав.

32. Үүний дараа Израилийн бүх хөвгүүд ойртон ирэв. Синаи уулан дээр ЭЗЭНий өөрт нь айлдсан болгоныг үйлдэхийг Мосе тэдэнд тушаав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 34