Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 33:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Дараа нь Мосе ЭЗЭНд—Хараач, Та надад “Энэ ард түмнийг авчир” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж айлдсан.

13. Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.

14. Тэр—Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.

15. Дараа нь Мосе Түүнд—Хэрэв Таны оршихуй бидэнтэй хамт явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач.

16. Тэгэхгүй бол, би болон Таны ард түмэн Таны мэлмийд тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдсанаар мэдэгдэх биш үү? гэв.

17. ЭЗЭН Мосед—Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон, Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав.

18. Тэгэхэд Мосе—Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч гэж би Танд залбиръя гэжээ.

19. Тэр—Би Өөрөө Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв.

20. Гэвч Тэр—Чи Миний царайг харж чадахгүй. Учир нь Намайг хараад, амьд байж чадах хүн байхгүй гэж айлдав.

21. ЭЗЭН—Харагтун, Миний дэргэд нэгэн газар байна. Чи тэнд хадан дээр зогс.

22. Миний цог жавхлан өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, Өөрийгөө өнгөрөх хүртлээ чамайг мутраараа халхална.

23. Дараа нь Би мутраа авч, чи Миний ард талыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 33