Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 33:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мосед—Чи болон Египетийн газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж, Абрахам, Исаак, Иаковт “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Миний тангарагласан нутаг уруу оч.

2. Би чиний өмнө тэнгэр элчийг явуулж, канаанчууд, аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөнө.

3. Сүү, балаар бялхсан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарын дунд явахгүй. Эс бөгөөс Би та нарыг замд хөнөөнө гэв.

4. Ард түмэн энэ гунигт үгийг сонсоод, гашуудан, хэн нь ч гоёл чимэглэлээ зүүсэнгүй.

5. Учир нь ЭЗЭН Мосед “Израилийн хөвгүүдэд «Та нар зөрүүд ард түмэн. Би та нарын дунд ганц хормын төдийд явбал, та нарыг сөнөөж магадгүй. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ» гэж хэл” хэмээн айлдсан юм.

6. Иймээс Израилийн хөвгүүд Хореб уулаас цааш явахдаа гоёл чимэглэлээ тайлав.

7. Мосе майхан авч, хуарангийн гадна хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ хурлын майхан гэж нэрлэв. ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа хурлын майханд очдог болов.

8. Мосег майхан уруу явах бүрд, бүх ард түмэн босон хүн бүр өөрийн майхны аманд зогсож, Мосег майханд ортол түүний араас ширтэн хардаг байв.

9. Мосег майханд орох бүрд үүлэн багана буун ирж, майхны аманд тогтдог байлаа. ЭЗЭН Мосетэй ярьдаг байв.

10. Бүх ард түмэн майхны аманд тогтон буй үүлэн баганыг харахдаа, хүн бүр өөрийн майхны аманд босож, мөргөдөг байв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 33