Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 3:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэгэхэд Мосе Бурханд—Хараач. Би Израилийн хөвгүүд уруу очиж, тэдэнд “Та нарын өвөг дээдсийн Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд, тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв.

14. Бурхан Мосед—Би бол “Би байдаг” гэв. Тэгээд Тэр—Израилийн хөвгүүдэд чи “«Би байдаг» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэлээ.

15. Цааш нь Бурхан Мосед—Израилийн хөвгүүдэд чи “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.

16. Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.

17. Тиймээс та нарыг Египетийн зовлонгоос гаргаж, сүү балаар бялхсан нутаг канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутаг уруу аваачна гэж Би айлдлаа»” гэж хэл.

18. Тэд чиний үгийг сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаан уруу очоод “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.

19. Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан та нарын явахыг зөвшөөрөхгүйг Би мэдэж байна.

20. Би Өөрийн мутраа сунгаж, Египетийн голд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа тэр улсыг цохисны дараа тэр та нарыг явуулна.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 3