Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 29:35-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.

36. Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун.

37. Долоон хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж, түүнийг ариусга. Тэгээд тахилын ширээ нь хамгийн ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариун болно.

38. Тахилын ширээн дээр үргэлжлүүлэн өдөр бүр өргөх зүйл бол хоёр хурга болно.

39. Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.

40. Тэнд нэг хурганы хамт шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил болон ундаан өргөлд зориулан хинийн дөрөвний нэгэн дарс байх ёстой.

41. Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд түүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр ба галаар өргөх тахил болгон өргөгтүн.

42. Энэ нь ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд үеийн үед үргэлжлэх шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм.

43. Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.

44. Би хурлын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Надад тахилч нар болж үйлчлэх Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана.

45. Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.

46. Би бол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан ЭЗЭН мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан ЭЗЭН юм.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 29