Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 29:25-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Чи тэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

26. Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно.

27. Ааронд зориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга.

28. Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.

29. Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно.

30. Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой.

31. Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.

32. Аарон болон түүний хөвгүүд хуцын мах, сагсан дахь талхыг хурлын майхны үүдэнд иднэ.

33. Тийнхүү тэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүмүүс идэж болохгүй.

34. Хэрэв сахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.

35. Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.

36. Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 29