Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 29:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.

20. Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун.

21. Дараа нь чи тахилын ширээн дээрх цус болон тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд дээр нь цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд нь ариусгагдана.

22. Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм),

23. ЭЗЭНий өмнө тавигдсан исгээгүй талхны сагснаас нэг бин, тостой хольсон нэг бин, нэг боовыг авч,

24. эдгээрийг бүгдийг нь Аарон хийгээд түүний хөвгүүдийн гарт тавьж ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла.

25. Чи тэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

26. Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно.

27. Ааронд зориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга.

28. Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.

29. Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно.

30. Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 29