Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 23:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.

14. Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ.

15. Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.

16. Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи өөрийн хөдөлмөрийн үр жимсийг хураахдаа, жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг сахь.

17. Жилд гурван удаа танай бүх эрчүүд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.

18. Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.

19. Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.

20. Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна.

21. Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй.

22. Харин хэрэв чи түүний дуу хоолойг үнэхээр дуулгавартай дагаж, Миний айлдсан бүхнийг үйлдвэл, Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.

23. Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.

24. Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал.

25. Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил. Тэгвэл Тэр чиний талх, усыг ерөөх болно. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 23