Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 23:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй.

2. Олныг дагалдан мууг үйлдэж болохгүй. Шударга ёсыг завхруулахын тулд олныг дагаж шүүхэд бүү гэрчил.

3. Шүүх дээр ядуу хүнийг бүү ялгаварла.

4. Хэрэв дайсныхаа төөрсөн үхэр, илжигтэй тааралдвал, түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг.

5. Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл.

6. Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.

7. Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй.

8. Чи хахууль бүү ав. Учир нь хахууль хүний харааг сохолж, шударга хүний үгийг гуйвуулна.

9. Чи харь хүнийг бүү дарла. Та нар ч Египет газарт харийн хүмүүс байсан учраас харь хүний сэтгэлийг мэднэ.

10. Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа.

11. Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд.

12. Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг.

13. Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 23