Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 16:13-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Орой болоход бөднө шувууд нисэж ирээд, хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв.

14. Шүүдэр арилахад цөлийн гадаргуу дээр жижиг, бөөрөнхий хяруу шиг жижигхэн зүйл газар дээр байв.

15. Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биеэсээ—Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд—Энэ бол ЭЗЭНий та нарт идүүлэхээр өгсөн талх юм.

16. ЭЗЭН “Хүн бүр идэх хэмжээгээрээ үүнээс цуглуул. Майхандаа байгаа хүний тоогоор, нэг хүнд нэг омер байхаар авагтун” гэж тушаасан гэв.

17. Израилийн хөвгүүд тийнхүү үйлдэв. Харин зарим нь их, зарим нь бага хураав.

18. Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасан нь илүү гарсангүй, бага хураасан нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ.

19. Мосе тэдэнд—Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэлсэн.

20. Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрсөн. Мосе тэдэнд уурлав.

21. Тэд өглөө бүр, хүн бүр идэх хэмжээгээрээ түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад, тэр нь хайлдаг байв.

22. Зургаа дахь өдөр тэд хоёр дахин их хоол буюу хүн бүр хоёр омерийг хураав. Чуулганы бүх удирдагч ирж, Мосед мэдүүлэхэд

23. тэр тэдэнд—ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амралтын өдөр, ЭЗЭНий ариун амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв.

24. Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд, тэр нь өмхийрч өтсөнгүй.

25. Мосе—Өнөөдөр үүнийг ид. Учир нь өнөөдөр бол ЭЗЭНий ариун өдөр. Өнөөдөр та нар түүнийг газраас олохгүй.

26. Зургаан өдөр та нар түүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь амралтын өдөр тул юу ч байхгүй гэв.

27. Ард түмнээс зарим нь долоо дахь өдөр хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй.

28. ЭЗЭН Мосед—Хэдий хүртэл та нар Миний хууль, Миний тогтоолуудыг сахихаас татгалзах юм бэ?

29. Хар. ЭЗЭН та нарт амралтын өдрийг өгсөн. Тийм учраас зургаа дахь өдөрт Тэр та нарт хоёр өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж, хэн ч долоо дахь өдөр өөрийн байрнаас бүү гар гэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 16