Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 15:11-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ?Ариун байдалдаа сүр жавхлантай,магтаал дотор аймшиг төрүүлмээр,гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?

12. Та баруун мутраа сунгасанд, газар тэднийг залгив.

13. Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж,Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.

14. Ард түмнүүд сонсоод чичирч,Филистийн оршин суугчид аймшигт автагдав.

15. Едомын тэргүүлэгчид түгшиж,Моабын удирдагчид айн дагжиж,Канааны бүх оршин суугчид хайлан урсав.

16. Айдас хүйдэс тэднийг нөмөрчээ.Өө, ЭЗЭН, Таны ард түмэн дайран өнгөрөх хүртэл,Таны худалдаж авсан ард түмэн дайран өнгөрөх хүртэлТаны мутрын агуу хүчээр тэд чулуу шиг чимээгүй байна.

17. Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина.Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ.Өө, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.

18. ЭЗЭН үүрд мөнх хаанчилна.

19. Фараоны морьд, түүний тэрэгнүүд болон түүний морин цэргүүд далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явав.

20. Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад, бүх эмэгтэйчүүд түүнийг даган хэнгэрэг авч, бүжиглэв.

21. Мириам тэдэнд хариулан—ЭЗЭНд дуулъя!Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн.Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юмгэв.

22. Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.

23. Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.

24. Ард түмэн Мосед гомдоллон—Бид юу уух вэ? гэцгээв.

25. Мосе ЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив.

26. Тэр—Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.

27. Тэд Елимд ирэхэд, тэнд усны арван хоёр ундарга, далан далдуу мод байсан. Тэд тэнд усны дэргэд буудаллав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 15