Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 14:3-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Фараон Израилийн хөвгүүдийн талаар “Тэд тэр газарт төөрч, цөлд мухардсан” гэж бодно.

4. Ийнхүү Би Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.

5. Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний зарц нарын зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд—Бид Израилийг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв.

6. Фараон тэргээ бэлтгэж, өөрийн хүмүүсээ авав.

7. Зургаан зуун шилдэг тэрэг болон Египетийн бүх тэргийг тэр авав. Тэрэг бүхэн даргатай байв.

8. ЭЗЭН Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.

9. Фараоны бүх морьд, тэрэгнүүд, түүний морьтонгууд ба цэргүүдийн хамтаар египетчүүд израильчуудыг хөөсөөр Баал-зефоны өмнө талд, Пи-хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэв.

10. Фараон ойртон ирэхэд өөрсдийнх нь хойноос египетчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭН уруу хандан хашхирцгаав.

11. Тэд Мосед—Египетэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан уу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?

12. Бид Египетэд байхдаа “Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя” гэж танд хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв.

13. Мосе ард түмэнд—Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.

14. ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.

15. ЭЗЭН Мосед—Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл.

16. Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.

17. Миний хувьд, Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэргүүд, түүний тэрэгнүүд болон морин цэргүүдээр дамжуулан алдарших болно.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 14