Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 14:20-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд, нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй.

21. Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.

22. Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.

23. Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгнүүд ба морин цэргүүд тэдний араас далайн гол уруу оров.

24. Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав.

25. Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд—Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.

26. ЭЗЭН Мосед—Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгнүүд, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв.

27. Мосе далайн дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв.

28. Ус буцан ирж, тэрэгнүүд ба морин цэргүүд, израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд, тэднээс нэг нь ч үлдсэнгүй.

29. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.

30. Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсуудыг Израиль харав.

31. Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 14