Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 12:36-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. ЭЗЭН египетчүүдийн нүдэнд ард түмнээ таалан соёрхсонд, тэдний нэхсэнээр египетчүүд өгсөн. Тийнхүү тэд египетчүүдийг дээрэмдсэн билээ.

37. Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд, хүүхдүүдээс гадна, зургаан зуун мянга орчим явган цэрэг эр байсан.

38. Холилдсон үй олон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг тэдэнтэй хамт гарав.

39. Тэд Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч хоол бэлтгэж чадаагүй юм.

40. Израилийн хөвгүүд Египетэд нутагласнаас хойш дөрвөн зуун гучин жил болжээ.

41. Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий бүх цэргүүд Египетийн нутгаас гарав.

42. Энэ бол Египетийн нутгаас тэднийг гаргасны төлөө ЭЗЭНд баяр тэмдэглэх шөнө юм. Энэ шөнө бол Израилийн бүх хөвгүүдийн үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.

43. ЭЗЭН Мосе, Аарон нарт—Дээгүүр Өнгөрөх баярын ёс нь ийм байна. Ямар ч харь хүн үүнээс идэж болохгүй.

44. Харин та нарын мөнгөөр худалдаж авсан боол чинь хөвч хөндүүлсний дараа үүнээс идэж болно.

45. Түр оршин суугч, эсвэл хөлсний зарц үүнээс идэж болохгүй.

46. Үүнийг нэг гэр дотор идэх ёстой. Та нар махнаас нь ямар ч хэсгийг гэрээс гадагш гаргаж болохгүй, ямар ч ясыг нь хугалж болохгүй.

47. Израилийн бүх чуулган үүнийг үйлдэгтүн.

48. Хэрэв та нартай хамт явж байгаа харь хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэе гэвэл, түүний бүх эр хүйстэн хөвч хөндүүлсний дараа тэрээр үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хөвч хөндүүлээгүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй.

49. Уугуул нутгийнханд болон та нарын дунд аялагч харь хүнд нэг л хууль байг гэж айлдав.

50. Бүх Израилийн хөвгүүд Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв.

51. Яг тэр өдөр ЭЗЭН Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египетийн нутгаас гаргав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 12