Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 12:3-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Израилийн бүх чуулганд ийнхүү хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүрийн төлөө нэг хургыг ав.

4. Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран, хүмүүсийнхээ тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа.

5. Та нарын хурга өө сэвгүй, нэг настай эр хурга байх ёстой. Та нар түүнийгээ хонь, эсвэл ямаанаас ав.

6. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг нядал.

7. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой.

8. Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой.

9. Түүний аль ч хэсгийг нь түүхийгээр, эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин түүний толгой, гуяыг гэдэс дотортой нь галд шаран ид.

10. Та нар түүний аль ч хэсгийг өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаа.

11. Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм.

12. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН.

13. Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.

14. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.

15. Та нар долоо хоног исгээгүй талхыг идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг өөрсдийн гэрээс зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.

16. Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд хүн бүрийн идэх юмыг л бэлдэхээс өөр ямар ч ажил та нар бүү хий.

17. Та нар бас Исгээгүй Талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би та нарын цэргийг Египетийн нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан, улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.

18. Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талхыг идэх ёстой.

19. Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 12