Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 9:13-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа. Үнэхээр тэд бол хөшүүн хүзүүтэй ард түмэн байна.

14. Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, тэдний нэрийг тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн.

15. Намайг уулан дээрээс буцаж буухад ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан миний хоёр гарт байв.

16. Үнэхээр та нар ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг би харсан. Та нар өөрсдөдөө зориулж, тугалын дүрсийг цутган бүтээжээ. Та нар ЭЗЭНий тушаасан замаас маш түргэн буцсан учир

17. би өнөөх хоёр хавтанг гартаа авч, чулуудан та нарын нүдний өмнө буталсан билээ.

18. Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй. Та нарын Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйлдэлд холбогдсон бүх нүглээс чинь болж тэгсэн юм.

19. ЭЗЭН та нарт ихэд уурлан хилэгнэж, та нарыг устгах гэсэнд би айсан. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон.

20. ЭЗЭН Ааронд ихэд уурлаж, түүнийг хөнөөх гэсэнд би тэр үед ч мөн Аароны төлөө залбирсан.

21. Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь бутлаж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.

22. Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн.

23. ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа “Та нар явж, Миний та нарт өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэн, Түүнд итгэсэн ч үгүй, Түүний үгийг ч сонсоогүй.

24. Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.

25. ЭЗЭН та нарыг устгана хэмээн айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ.

26. Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн Өөрийн өвийг битгий устгаач.

27. Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач. Энэ ард түмний зөрүүд зан, тэдний хорон муу байдал, тэдний нүглийг битгий хараач.

28. Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэдэнд амласан газартаа тэднийг аваачих чадваргүй байсан учраас, мөн тэднийг үзэн ядсан учраас Тэр тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 9