Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 7:12-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хэрэв та нар эдгээр бүх хууль тогтоолыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний Бурхан ЭЗЭН чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ сахиж, чамд хайр энэрлээ хүртээх болно.

13. Тэрээр чамайг хайрлан, ивээж, чамайг өнөр өтгөн болгон, чамд өвлүүлэн өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно.

14. Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нарын дунд үргүй, хүүсэр хүн байхгүй болох бөгөөд мал сүргийн чинь дунд үргүй, сувай мал байхгүй болно.

15. ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэрээр та нарын мэддэг Египетийн аюулт өвчнүүдээс чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана.

16. Чиний Бурхан ЭЗЭНээс чамд тушаах бүх ард түмнүүдийг чи устгах ёстой. Тэднийг бүү өрөвдөн хар. Тэдний бурхдад бүү зарагд. Тэр чинь чамд урхи болно.

17. “Эдгээр үндэстэн надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?” гэж чи зүрхэндээ хэлж байж магадгүй.

18. Гэвч чи тэднээс бүү ай! Чиний Бурхан ЭЗЭН Фараонд болон бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана.

19. Та нарын нүдээрээ харсан тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмнүүдэд тийнхүү үйлдэнэ.

20. Чиний Бурхан ЭЗЭН тэднээс үлдэгсэд ба чамаас нуугдсан хүмүүсийг устаж дуустал тэдний эсрэг морин зөгийг илгээнэ.

21. Чи тэднээс бүү ай! Учир нь та нарын Бурхан ЭЗЭН агуу их, аймшигт Бурхан та нарын дунд байна.

22. Чиний Бурхан ЭЗЭН чиний өмнө тэдгээр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг даруй түргэн устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай.

23. Харин чиний Бурхан ЭЗЭН тэдгээр ард түмнүүдийг чамд тушааж өгөх бөгөөд тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.

24. Тэр тэдний хаадыг чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн доороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.

25. Чи тэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 7