Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 6:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.

6. Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,

7. хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.

8. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга.

9. Мөн түүнийг гэрийнхээ хаалганы хатавчин дээр, дааман хаалган дээрээ бич.

10. ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд,

11. чиний дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сангууд, бас чиний тарьж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чидун жимсний моддыг чамд өгч, чамайг цадтал идүүлэх үед

12. чи өөрийгөө хяна. Өөрийг чинь боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.

13. Чи өөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагдан, Түүний нэрээр тангарагла.

14. Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмнүүдийн бурхдаас алиныг нь ч бүү дага.

15. Та нарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.

16. Та нар өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНийг Массад сорьсон шигээ бүү сорь.

17. Та нар ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигийг сайтар сахиж,

18. ЭЗЭНий өмнө юу нь зөв, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт очин, эзэмшинэ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 6