Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 31:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичэн авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга. Энэ дууг Израилийн хөвгүүдэд Миний гэрч болгохын тулд үүнийг тэдний аманд хий.

20. Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө.

21. Тэдэнд элдвийн олон гай зовлон учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас өмнө өнөөдөр тэдний төлөвлөж буй санааг Би мэдэж байна гэлээ.

22. Тэгээд Мосе энэ дууг тэр өдөртөө бичээд, Израилийн хөвгүүдэд зааж өгчээ.

23. Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж—Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.

24. Мосе энэ хуулийн үгсийг номонд бүрэн бичиж дууссаныхаа дараа,

25. ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд хандан тушааж—

26. Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг.

27. Та нарын тэрслүү, хөшүүн хүзүүтэйг би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа та нар яах юм бэ?

28. Овгийнхоо бүх ахмадууд болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя.

29. Намайг үхсэний дараа та нар ялзарч, миний та нарт тушаасан замаас эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийн өмнө муу муухайг үйлдэж, өөрсдийнхөө гарын ажил үйлсээр Түүнийг хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна хэмээв.

30. Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 31