Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 31:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэгээд ЭЗЭН Мосед хандан—Чиний үхэх өдөр чинь ойртож байна. Иошуаг дуудан хамтдаа хурлын майханд хүрэлцэн оч. Би түүнд тушаал өгнө гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, хурлын майханд хүрэлцэн очив.

15. ЭЗЭН үүлэн багана дотор, майханд үзэгджээ. Үүлэн багана нь майхны аманд байв.

16. ЭЗЭН Мосед хандаж—Чи удахгүй өвөг дээдсийнхээ хамт нойрсох болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа босож, харийн бурхдыг садарлан дагаж, Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.

17. Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн, тэднийг хаяж, тэднээс нүүрээ буруулахад тэд үрэгдэх болно. Элдвийн олон гай гамшиг тэдэн дээр буух тэр цагт тэд “Эдгээр бузар муу бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж хэлэх болно.

18. Тэдний үйлдэх хамаг бузар булайгаас нь болж тэр цагт Би тэднээс заавал нүүрээ буруулна. Учир нь тэд өөр бурхдад урвана.

19. Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичэн авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга. Энэ дууг Израилийн хөвгүүдэд Миний гэрч болгохын тулд үүнийг тэдний аманд хий.

20. Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө.

21. Тэдэнд элдвийн олон гай зовлон учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас өмнө өнөөдөр тэдний төлөвлөж буй санааг Би мэдэж байна гэлээ.

22. Тэгээд Мосе энэ дууг тэр өдөртөө бичээд, Израилийн хөвгүүдэд зааж өгчээ.

23. Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж—Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.

24. Мосе энэ хуулийн үгсийг номонд бүрэн бичиж дууссаныхаа дараа,

25. ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд хандан тушааж—

26. Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 31