Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 3:16-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Би реубенчүүд болон гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл

17. мөн Араба, Иордан голын хамт Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.

18. Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан голыг гаталцгаа.

19. Харин та нарын эхнэр, хүүхэд, мал сүрэг чинь (Та нарыг олон малтай гэдгийг би мэднэ.) миний та нарт өгсөн хотуудад үлдэх бөгөөд

20. ЭЗЭН та нарт өгсөн шигээ та нарын ах дүүст ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцан ирж болно” гэж хэлсэн.

21. Тэр үед би Иошуад хандан “Та нарын Бурхан ЭЗЭНээс энэ хоёр хаанд учруулсан бүгдийг чи нүдээрээ үзсэн. Чиний гатлан очих гэж буй бүх хаант улсуудад ЭЗЭН бас тийн үйлдэх болно.

22. Тэднээс битгий ай. ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.

23. Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж,

24. “Эзэн БУРХАН! Та зарцдаа Өөрийнхөө агуу их, хүчирхэг мутрыг үзүүлж эхэлсэн. Таных шиг ийм ажлуудыг, хүчит үйлсийг үйлдэж чадах ямар бурхан тэнгэр газарт байна вэ?

25. Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс болон Ливаныг үзүүлээч” гэсэн

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 3