Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 29:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНий Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ болой.

2. Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хэлсэн нь—Египетийн нутагт Фараонд болон түүний бүх түшмэдэд, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.

3. Та нар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ.

4. Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан, харах нүд, сонсох чихийг өгөөгүй.

5. Би цөлд та нарыг дөчин жил удирдсан. Та нарын өмссөн хувцас чинь элэгдээгүй, хөлийн чинь гутал ч урагдаагүй билээ.

6. Би бол чиний Бурхан ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд та нарт талх ч идүүлээгүй, дарс, хатуу ундаа ч уулгаагүй.

7. Та нарыг энд хүрч ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй байлдахаар ирсэн боловч бид тэднийг бут цохисон.

8. Бид тэдний газар нутгийг аваад, Реубен, Гад, Манассе овгийнхны хагаст өв болгон өгсөн билээ.

9. Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл та нарын хийсэн бүхэн сайн сайхан болно.

10. Өнөөдөр та бүхэн, танай тэргүүнүүд, танай овгууд, танай ахмадууд, танай түшмэд, Израилийн бүх эрчүүд,

11. та нарын балчир хүүхдүүд, та нарын эхнэрүүд, танай хуаранд суудаг харийн хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс аваад, усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд

12. Чиний Бурхан ЭЗЭНий гэрээнд нэгдэж, ЭЗЭН Бурханы чинь өнөөдөр чамд хандан өргөж байгаа тангарагт оролцохоор ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байна.

13. ЭЗЭН чамд айлдсан ёсоороо мөн чиний өвөг дээдэс Абрахам, Исаак болон Иаковд тангарагласан ёсоороо, өнөөдөр чамайг Өөрийн ард түмэн болгон, Өөрөө чиний Бурхан болох гэсэн юм.

14. Би энэ гэрээг болон энэ тангаргийг зөвхөн та нартай хийгээгүй

15. бөгөөд өнөөдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй, мөн өнөөдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 29