Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 28:10-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.

11. ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно.

12. Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй.

13. Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна.

14. Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш, зүүн тийш хазайн, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.

15. Чи хэрвээ ЭЗЭН Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.

16. Чи хотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана.

17. Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана.

18. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.

19. Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.

20. Чи бузар мууг үйлдэж, Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гараараа хийдэг бүх зүйлд чинь хараал, үймээн сандрал, хатуу зэмлэл илгээх болно.

21. ЭЗЭН чиний эзэмшихээр очиж буй газраас чинь чамайг усттал тахлаар нэрвэнэ.

22. ЭЗЭН чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичиргээ, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.

23. Чиний толгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно.

24. ЭЗЭН чиний газар нутаг дээр орох борооны оронд тоос шороо буулгаж, тэр нь чамайг усттал тэнгэрээс орох болно.

25. ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 28