Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 23:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Төмсгөө няцлуулсан юм уу, бэлэг эрхтнээ огтлуулсан хэн ч гэсэн ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.

2. Хууль бус гэрлэлтээс төрсөн хэн ч гэсэн, түүний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.

3. Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд хэзээ ч орох ёсгүй.

4. Учир нь тэд чамайг Египетээс гарахад замд чинь талх ус барин та нарыг угтаагүй, мөн чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой.

5. Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин тэр хараалыг чиний төлөө ерөөл болгон хувиргасан.

6. Чи насан туршдаа тэдэнд амар тайван, сайн сайхныг хэзээ ч бүү хүс.

7. Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд бол чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Яагаад гэвэл та нар тэдний газар нутаг дээр харийн хүмүүс болж байсан.

8. Тэдний гурав дахь үеийн хөвгүүд нь ЭЗЭНий чуулганд оролцож болно.

9. Чи дайснуудынхаа эсрэг хуарагнахдаа аливаа бузар зүйлээс сэргийл.

10. Хэрэв та нарын хэн нэг нь шөнө дур тавьснаас болж бузартсан бол тэрээр хуарангаас гарч, хуарандаа эргэж орох ёсгүй.

11. Харин үдэш болоход тэр биеэ усаар угаагаад, нар шингэмэгц хуарандаа эргэн орж болно.

12. Чи бас хуарангаас гадна бие засах газар барьж, тийшээгээ очиж болно.

13. Чиний багаж зэвсгүүдийн дунд хүрз байх ёстой. Чи гараад бие засахдаа, түүгээрээ газар ухаж, эргээд ялгадсаа бул.

14. ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явах учир хуаран чинь ариун байх ёстой. Тэгвэл та нарын дундаас Тэр бузар муухай зүйлийг олж харахгүй учир чамайг орхихгүй.

15. Эзнээсээ оргож чам уруу очсон боолыг чи эзэнд нь буцааж бүү тушаа.

16. Тэр боол танай аль нэгэн хотын дотроос өөртөө таатай хэмээн сонгож авсан газартаа та нарын дунд чамтай хамт амьдран сууг. Түүнийг бүү дарамтал.

17. Израиль охидын дунд сүмийн янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор сүмийн янхан эр байх ёсгүй.

18. Янхны олсон мөнгө хийгээд нохой мэт хүний (сүмийн янхан эрийн) олсон хөлсийг ямар ч тангаргийн өргөлд зориулан ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Тэр хоёрыг хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 23