Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 17:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Чи өөрийн Бурхан ЭЗЭНд өө сэвтэй, ямар нэгэн согогтой үхэр, хонийг бүү өргө. Учир нь тэр чинь чиний Бурхан ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл юм.

2. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй хэн нэгэн хүн Түүний гэрээг зөрчин, ЭЗЭН Бурханы чинь өмнө муу үйл хийж,

3. миний тушаасны эсрэг өөр бурхдад очиж, зарагдан тэдэнд, эсвэл нар, сар, тэнгэрийн алив эрхэст мөргөвөөс

4. энэ нь чамд мэдэгдэж, чи түүний тухай сонссон бол сайтар шалгаж үз. Хэрэв тэр нь үнэн байгаад, Израильд ийм жигшүүрт хэрэг гарсан гэдэг нь батлагдвал

5. чи тийм бузар муу хэрэг хийсэн тэр эрийг, эсвэл тэр эмийг хотын дааман хаалга уруу аваачиж, чулуу чулуудаж ал.

6. Алуулах хүнийг хоёроос гурван гэрчийн амаар алагтун. Харин ганц гэрчийн амаар бүү ал.

7. Түүнийг алах үед эхлээд түүний эсрэг гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүмүүсийн гарыг хүргэ. Та нар өөрсдийнхөө дундаас муу муухай хэргийг тэгж зайлуул.

8. Хэрэв хотын чинь доторх маргаанаас бие биеийнхээ цусыг урсгасан юм уу, бие биетэйгээ маргалдсан, эсвэл бие биеэ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж,

9. Леви овгийн тахилч юм уу, тэр үед байх шүүгч дээр очиж тэдний тухай асууж лавла. Тэгвэл тэд чамд хэрхэн шүүн хэлэлцэхийг заана.

10. Чи ЭЗЭНий сонгон авах газраас тэдний чамд өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар.

11. Тэдний чамд зааж өгөх хуулийн зүйл анги, тэдний чамд хэлж өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Тэдний чамд хэлсэн үгээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 17