Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 16:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абиб сарыг сахиж, ЭЗЭН Бурхандаа зориулан Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэ. Учир нь ЭЗЭН Бурхан чинь Абиб сард чамайг Египетээс шөнөөр гаргаж авсан юм.

2. ЭЗЭНий Өөрийнхөө нэрийг тавихаар сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг үхэр, хониор өргө.

3. Чи Египет нутгаас яаруу гарсан тул түүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Долоо хоногийн турш түүнийг исгээгүй талх буюу зовлонгийн талхтай ид. Ийнхүү үйлдсэнээр чи Египетээс гарсан тэр өдрийг насан туршдаа санаж явах болно.

4. Чиний газар нутагт долоо хоногийн турш исгэх хөрөнгө бүү олдог. Анхны өдрийн үдэш өргөсөн тахилын махнаас шөнө өнгөрч өглөө болтол юу ч бүү үлдэг.

5. Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй аль ч хотод өргөх ёсгүй.

6. Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт Египетээс чиний гарч явсан тэр цагт буюу нар шингэх үед үдшээр чи Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг өргө.

7. Чи ЭЗЭН Бурханыхаа сонгосон газарт тэр махыг шарж идээд, өглөөгүүр майхан уруугаа буц.

8. Чи зургаан өдрийн турш исгээгүй талх идэн, долоо дахь өдөр нь ЭЗЭН Бурханыхаа өмнө ариун чуулган чуулж, тэр өдрөө ямар ч ажил бүү хий.

9. Чи өөртөө долоон долоо хоногийг тоол. Боловсорсон тарианд хадуур хүргэж эхлэх үеэс хойш долоон долоо хоногийг тоол.

10. ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо Хоногуудын Баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээдэгчлэн чи сайн дураараа, чадлынхаа хэрээр өргөл өргө.

11. ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг левичүүд, та нарын дунд байгаа харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.

12. Чи Египетэд боол байснаа санаж, эдгээр зарлигийг чанд сахигтун.

13. Та нар үтрэмээсээ болон усан үзэм шахах торхноосоо хурааж цуглуулж авсны дараа Майхан баярыг долоо хоног тэмдэглэ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 16