Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 12:15-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Харин ЭЗЭН Бурханы чинь чамд өгсөн ивээлийн дагуу чи өөр өөрийнхөө хотын дотор малаа дураараа нядалж махыг нь идэж болно. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнээс гөрөөс, бугын мах иддэг шигээ идэж болно.

16. Зөвхөн цусыг нь идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга.

17. Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд бод бог малынхаа ууган төл, тангарагласан ёсоороо төлөх аливаа тангаргийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын дээдлэн барих тахилыг хотынхоо дотор бүү ид.

18. Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.

19. Чи болгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи.

20. ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг хүсэж “Би мах идье” гэж хэлээд хүссэнийхээ зоргоор мах идэж болно.

21. Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.

22. Гөрөөс, бугын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан, эсвэл цэвэр хүн мөн адил түүнээс идэж болно.

23. Харин чи цус идэхээс болгоомжил. Цус бол амь учраас тэр амийг махтай хамт идэж болохгүй.

24. Чи түүнийг идэлгүй газарт ус шиг асга.

25. Чи цусыг бүү ид. ЭЗЭНий зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд сайн сайхан явах болно.

26. Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.

27. Чи шатаалт тахил өргөхдөө мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Тахилуудыг өргөхдөө цусыг нь ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь идэх ёстой.

28. Миний чамд тушааж буй энэ бүх үгсийг чи сайтар сонсоод даган биелүүл. Чи ЭЗЭН Бурханыхаа сайн, зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.

29. Чиний хөөн гаргахаар очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн, чи тэднийг хүйс тэмтрэн нутагт нь оршин суух үед

30. чи болгоомжтой байж, чиний өмнө тэд устгагдсаны дараа өөрөө тэдэнд бүү урхидуул. Мөн тэдний бурхдыг сураглаж “Тэдгээр үндэстэн бурхаддаа хэрхэн зарагдаж байсан бэ? Би ч мөн тэгье’’ гэж бүү хэл.

31. ЭЗЭН Бурхандаа чи ингэж хандаж болохгүй. Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдлийг бурхаддаа зориулан хийж, улмаар өөрсдийнхөө хөвгүүд, охидыг ч галд шатаан, бурхаддаа өргөдөг.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 12