Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 12:12-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. та нар хөвгүүд, охид, зарц шивэгчдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.

13. Чи харсан газар бүрдээ шатаалт тахилаа өргөж болохгүй, болгоомжтой бай.

14. Харин танай овгуудын аль нэгнээс ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа өргөж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлд.

15. Харин ЭЗЭН Бурханы чинь чамд өгсөн ивээлийн дагуу чи өөр өөрийнхөө хотын дотор малаа дураараа нядалж махыг нь идэж болно. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнээс гөрөөс, бугын мах иддэг шигээ идэж болно.

16. Зөвхөн цусыг нь идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга.

17. Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд бод бог малынхаа ууган төл, тангарагласан ёсоороо төлөх аливаа тангаргийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын дээдлэн барих тахилыг хотынхоо дотор бүү ид.

18. Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.

19. Чи болгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи.

20. ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг хүсэж “Би мах идье” гэж хэлээд хүссэнийхээ зоргоор мах идэж болно.

21. Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.

22. Гөрөөс, бугын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан, эсвэл цэвэр хүн мөн адил түүнээс идэж болно.

23. Харин чи цус идэхээс болгоомжил. Цус бол амь учраас тэр амийг махтай хамт идэж болохгүй.

24. Чи түүнийг идэлгүй газарт ус шиг асга.

25. Чи цусыг бүү ид. ЭЗЭНий зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд сайн сайхан явах болно.

26. Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 12