Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 1:3-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд өгүүлжээ.

4. Энэ нь Мосе Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.

5. Мосе Иорданы дорнод этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж, өгүүлсэн нь—

6. Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа “Та нар энэ ууланд их удаан суулаа.

7. Та нар аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг уруу болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмнүүд уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа.

8. Харагтун. Би та нарын өмнө тэр нутгийг тавьлаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэсэн.

9. Би тэр үед та нарт хандан “Би та нарыг ганцаараа дааж чадахгүй.

10. Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ.

11. Та нарын өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай.

12. Харин би ганцаараа та нарын ачаа, хүнд дарамт, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ?

13. Овог бүрээсээ мэргэн ухаантай, мэдлэгтэй, нэр хүндтэй хүмүүсийг сонгогтун. Би тэднийг та нарын тэргүүнээр томилъё” гэсэнд

14. “Таны хэлсэн ёсоор хийх нь зөв” гэж та нар надад хариулсан.

15. Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.

16. Би тэр үед та нарын шүүгчдэд тушааж “Та нар ах дүү нарынхаа хоорондох хэргийг сонсоод, ах дүү нарын хоорондох хэргийг, эсвэл тэдний дундах харийн хүнтэй хамаатай хэргийг зөв шударгаар шүү.

17. Шүүх бол Бурханых учир та нар хүнийг шүүхдээ ялгаварлан үзэж болохгүй. Дээдэс, доодсын үгийг нэгэн адил сонсож, хүнээс бүү ай. Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэсэн.

18. Би та нарын хийх ёстой зүйлсийг тэр үед нь та нарт бүгдийг тушаасан шүү дээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 1