Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 9:2-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. түүний ноёрхлын анхдугаар жилд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог буюу далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.

3. Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан.

4. Би өөрийн Бурхан ЭЗЭНд залбирч, гэмээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь—Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та гэрээ болон хайр энэрлээ өгдөг.

5. Бид нүгэл үйлдэж, гэм бурууд холбогдож, харгис үйлс хийж, тэрсэлж, түүгээр ч барахгүй Таны тушаал ба тогтоолуудаас холдсон.

6. Түүнээс гадна манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдэс болон газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан Таны зарц нар болох эш үзүүлэгч нарыг бид сонсоогүй.

7. Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна.

8. Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдсийнх.

9. Учир нь бид Түүний эсрэг тэрсэлсэн учир энэрэл уучлал нь бидний Бурхан Эзэнд бий.

10. Бурхан Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан бидний өмнө тогтоож өгсөн сургаалыг нь даган алхалгүй ЭЗЭН Бурханыхаа дууг бид дагаагүй.

11. Харин ч бүх Израиль Таны хуулийг зөрчин, Таны дуу хоолойг дагалгүй зам буруулсан. Тиймээс Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангаргийн хамт, хараал нь бидний дээр буужээ. Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн юм.

12. Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.

13. Мосегийн хуульд бичигдсэнээр энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч бид өөрсдийн гэм буруугаас эргэж, Таны үнэнд анхаарал тавилгүй ЭЗЭН Бурханыхаа тааллыг хүсэмжлэн хайгаагүй.

14. Тийм учраас ЭЗЭН гамшгийг хадгалан хурааж, бидний дээр буулгасан. Юу гэвэл бидний Бурхан ЭЗЭН Өөрийн үйлдсэн бүх хэрэгтээ зөв шударга байдаг юм. Харин бид Түүний дуу хоолойг дагаагүй.

15. Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган, Өөрийгөө өнөөдрийнх шиг нэр алдартай болгосон бидний Бурхан Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан.

16. Эзэн минь, Таны бүх үнэн зөв үйлсийн дагуу Та Өөрийн хот Иерусалимаас буюу Өөрийн ариун уулаас уур хилэнгээ буцааж аваач. Учир нь бидний нүгэл болон бидний эцэг өвгөдийн гэм буруугаас болж Иерусалим ба Таны ард түмэн бидний эргэн тойрны бүх улсад ичгүүр гутамшиг болсон юм.

17. Тиймээс одоо бидний Бурхан, Өөрийн зарцын залбирал болон түүний гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийн төлөө, Өөрийн нүүрний гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач.

18. Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, бидний хоосрол ба Таны нэрээр нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид өөрсдийн үнэн зөвийн төлөө биш, харин Таны агуу энэрлийн төлөө Таны өмнө гуйлтаа өргөж байна.

19. Эзэн минь, сонсооч! Эзэн минь, өршөөгөөч! Эзэн минь, сонсоод, үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь Таны хот болон Таны ард түмэн Таны нэрээр нэрлэгдсэн билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 9