Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 9:16-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Эзэн минь, Таны бүх үнэн зөв үйлсийн дагуу Та Өөрийн хот Иерусалимаас буюу Өөрийн ариун уулаас уур хилэнгээ буцааж аваач. Учир нь бидний нүгэл болон бидний эцэг өвгөдийн гэм буруугаас болж Иерусалим ба Таны ард түмэн бидний эргэн тойрны бүх улсад ичгүүр гутамшиг болсон юм.

17. Тиймээс одоо бидний Бурхан, Өөрийн зарцын залбирал болон түүний гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийн төлөө, Өөрийн нүүрний гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач.

18. Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, бидний хоосрол ба Таны нэрээр нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид өөрсдийн үнэн зөвийн төлөө биш, харин Таны агуу энэрлийн төлөө Таны өмнө гуйлтаа өргөж байна.

19. Эзэн минь, сонсооч! Эзэн минь, өршөөгөөч! Эзэн минь, сонсоод, үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь Таны хот болон Таны ард түмэн Таны нэрээр нэрлэгдсэн билээ гэв.

20. Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч, миний Бурханы ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө гуйлтаа өргөсөөр,

21. би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв.

22. Тэрээр надад заавар өгч, надтай ярин,—Даниел аа. Би чамд хэрсүү ухаан, ойлголтыг өгөхөөр ирсэн.

23. Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр ирлээ. Чи энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго.

24. Чиний ард түмэн болон чиний ариун хотын төлөө буюу хилэнцийг дуусгаж, нүглийг төгсгөж, гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээж, мөнхийн зөв шударга байдлыг тогтоож, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжилж, хамгийн ариун газрыг тослохын тулд далан долоон хоног тогтоогдсон юм.

25. Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.

26. Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.

27. Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 9