Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 9:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Халдеичуудын хаанчлалын хаан болсон, Меде овгийн Ахашверошийн хүү Дариусын анхдугаар жилд буюу

2. түүний ноёрхлын анхдугаар жилд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог буюу далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.

3. Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан.

4. Би өөрийн Бурхан ЭЗЭНд залбирч, гэмээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь—Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та гэрээ болон хайр энэрлээ өгдөг.

5. Бид нүгэл үйлдэж, гэм бурууд холбогдож, харгис үйлс хийж, тэрсэлж, түүгээр ч барахгүй Таны тушаал ба тогтоолуудаас холдсон.

6. Түүнээс гадна манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдэс болон газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан Таны зарц нар болох эш үзүүлэгч нарыг бид сонсоогүй.

7. Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна.

8. Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдсийнх.

9. Учир нь бид Түүний эсрэг тэрсэлсэн учир энэрэл уучлал нь бидний Бурхан Эзэнд бий.

10. Бурхан Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан бидний өмнө тогтоож өгсөн сургаалыг нь даган алхалгүй ЭЗЭН Бурханыхаа дууг бид дагаагүй.

11. Харин ч бүх Израиль Таны хуулийг зөрчин, Таны дуу хоолойг дагалгүй зам буруулсан. Тиймээс Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангаргийн хамт, хараал нь бидний дээр буужээ. Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн юм.

12. Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.

13. Мосегийн хуульд бичигдсэнээр энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч бид өөрсдийн гэм буруугаас эргэж, Таны үнэнд анхаарал тавилгүй ЭЗЭН Бурханыхаа тааллыг хүсэмжлэн хайгаагүй.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 9