Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 8:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөгөөсөө илүү урт бөлгөө.

4. Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүг уруу мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй, мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэрээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.

5. Би үүнийг ажиглаж байтал нэгэн ухна баруун зүгээс, бүх дэлхийг тойрон хөл нь газар хүрэлгүй ирэв. Ухны нүдний хооронд нэг онцгой эвэр байв.

6. Голын эрэг дээр зогсож байхад нь миний харсан хоёр эвэртэй хуц уруу тэрээр ойртож, хүчтэй уур хилэнгээр түүн уруу дайрав.

7. Тэрээр өнөөх хуцанд ойртож ирэхийг би харсан. Ухна түүнд хилэгнэсэн байлаа. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсан бөгөөд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэн бөгөөд хуцыг ухны хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа.

8. Тэгээд ухна өөрийгөө онцгой өргөмжиллөө. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав.

9. Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг ба Үзэсгэлэнт Орныг чиглэн онцгой том болов.

10. Тэрээр тэнгэрийн цэрэгт хүрэхээр ургаж, цэргүүд хийгээд оддын заримыг газарт унагаж, уландаа гишгэв.

11. Тэрээр өөрийгөө тэнгэрийн цэргийн Жанжинтай адил болгохоор өргөмжилж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв.

12. Нүглээс болж тэнгэрийн цэргүүд өдөр бүрийн тахилын хамтаар эвэрт өргөгдөх болно. Эвэр үнэнийг газар хаяж, дураараа авирлан, амжилт олсоор байх болно.

13. Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэгэн ариун хүн—Ариун газар болон тэнгэрийн цэргүүд хоёрыг гишгэгдэхийг зөвшөөрүүлэхийн тулд нүгэл айдсыг төрүүлсээр байхад өдөр бүрийн тахилын тухай энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.

14. Тэрээр надад—Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид. Тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 8