Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 6:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Дараа нь тэр хүмүүс хуйвалдан, хаан дээр ирээд,—Хаантан минь, Меде, Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон тушаал, эсвэл тогтоол өөрчлөгдөж болдоггүй гэдгийг мэдтүгэй! гэв.

16. Тэгээд хаан зарлиг буулгаж, Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан Даниелд—Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг Өөрөө аврах болно гэв.

17. Чулуу өнхрүүлэн авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон өөрийн язгууртнуудын тамган бөгжөөр түүнийг тамгалж лацдав.

18. Хаан ордон уруу буцаад, мацаг барин шөнийг өнгөрүүлсэн бөгөөд ямар ч зугаацуулах зүйлийг үзээгүй, нойр нь ч хулжжээ.

19. Ингээд хаан үүрээр, өдөр эхэлж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив.

20. Тэрээр Даниел уруу, нүх уруу дөхөж очоод зовсон дуугаар хашхирч, Даниелыг дуудаж—Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв.

21. Даниел хаанд хариулан—Хаантан минь, мөнх насалтугай!

22. Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд надад хор учруулсангүй. Харин ч би Түүний өмнө гэмгүйд тооцогдож, бас хаан минь, танд ямар ч гэм хийгээгүй гэв.

23. Хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаасан. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө.

24. Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ.

25. Тэгээд Дариус хаан бүх газар нутагт амьдарч байсан бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд захидал бичиж, «Та нарын амар амгалан бялхах болтугай.

26. Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна.Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй.Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал,Түүний эрх мэдэл мөнхөд байх болно.

27. Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж,Гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг.Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан билээ»хэмээв.

28. Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчилсан үед Даниел амжилт олсоор байв.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 6